Байгалийн шалгаралд өвдөг сөхөрсөн мазаалай

Монгол орны нэн ховордсон амьтдын тухай тэмдэглэлээ мазаалайн амьдралаар үргэлжлүүлье хэмээн бодлоо. Учир нь Монгол оронд амьдарч өсөж үржиж үхэж үрэгдэж буй амьтдын дотор хамгийн цөөн тоо, толгойтой гэдгээрээ тэргүүлж яваа амьтан нь мазаалай буюу говийн баавгай юм. Энэ амьтан эдүгээ 15-20 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч явна. Нэг зүйлийн амьтан ийм цөөн тоогоор орших нь цус ойртох, улмаар генийн хувьд устахад хүрдэг нь байгалийн хууль билээ. Тэгвэл мөхлийн харанга дэлдэн мөлхөж яваа мазаалайг аврах арга байна уу? Түүний гарвал зүй, авир төрх, идэш тэжээл, үржил, экологийн судалгаа ямар түвшинд явна вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Мазаалайг хэмжиж үзвэл:
Мазаалай буюу говийн баавгай /URSUS ARCTOS GOBIENSIS/  нь манай орны уугуул амьтан бөгөөд одоо зөвхөн Алтайн өвөр говьд цөөн тоотой үлджээ. Баавгайн энэ өвөрмөц зүйлийн гарал үүслийн тухай судлаачид маргаантай таамаглал дэвшүүлж хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Оросын академич В.Е. Соколов тэргүүтэй эрдэмтэд мазаалай   Төв Азийн унаган амьтан бөгөөд бие даасан зүйл гэж үздэг. Харин АНУ-ын судлаач Ж.Б. Шаллер тэргүүтнүүд болохоор Гималайн баавгай Тэнгэр уулаар дамжин Монголын говийн уулсад тархан нутагшсан   гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм. Аль нь зөв болохыг батлах тулхтай судалгаа одоохондоо хийгдээгүй байна. Монголын мазаалайн байршил, экологи, морфологи, авир төрх, идэш тэжээлийн судалгааны ажлыг голлон хийж, харин генетикийн судалгааг явуулахад хүчин мөхөстөөд байгаа билээ.

Бие гүйцсэн мазаалайн биеийн урт хоншоороос сүүлний уг хүртлээ 190-210 см, сэрвээний өндөр 90 см, хумс болон соёоны урт гурван см байдаг бол жин нь 110-120 кг орчим байдаг. Энэ нь дундаж үзүүлэлт. 1991 оны зургадугаар сарын хоёрны өдөр судлаач Р.Тулгатын барьж хэмжилт хийсэн 3 настай эр мазаалайн биеийн урт 170см, сэрвээний өндөр 86 см, чивний урт 6 см, жин 97 кг байсан нь тайланд тусгагджээ. Мазаалай нь хул шаргал болон цайвар бор зүстэй, хүрэн баавгайг бодвол бие жижиг, шалмаг, хурдан хөдөлгөөнтэй, хараа хурц, чих сонор амьтан. Мэдээж,. баавгайн төрөл хойно бяр тэнхээтэй нь илэрхий. Энэ тухай хойно өгүүлнэ. Уулын өгсүүр өөд зугтах мазаалайтай УАЗ-469 маркийн хөнгөн тэргээр 60 км/ц хурдтай уралдахад гүйцэгдээгүй юмдаг. Харин уруу газар хурдалж чаддаггүй амьтан юм билээ.

Мазаалайн нутаг...
Өнөөдрийн байдлаар мазаалайн тархац нутгийг 2.1 сая га гэж тооцдог хэдий ч яг үнэндээ урагшаа Хуцын шанд, хойшоо Баруун тооройн булгийн хооронд нутагладаг. Мазаалайн идээшсэн энэ нутгийн гол цөм нь Цагаан богд /Д.Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд" найраглалын баатар уул/ орчимд Цохиотын худаг, Хөх төмөртийн нуруунд Өлзий билгэх булаг, Шар хулстын нуруунд Шар хулс, Цагаан бургас, Цагаан тохой, Хөшөөтийн баян бүрдүүд, Атас уулын орчимд Богц цагаан дэрс, Баруун тооройн булаг гэсэн тодорхой тархац нутгийг эзлэн амь тээсээр явна. Тэд өөрийн эзэмшил нутаг, ус булгаа харамлана гэж жигтэйхэн. 1991 онд Цагаан тохойн ус ширгээд тэнд байнга амьдардаг эрэгчин мазаалай Хөшөөтийн булан уруу ус эрж очоод бариулсан түүх бий. Энэ мэтээр судлаачдад мэдэгдээгүй бие биеэ барьсан олон тохиолдол байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Учир нь мазаалай цөөн тоотойн дээр маш сонор сэрэмжтэй, ихэвчлэн шөнийн амьдралтай, нуугдамхай амьтан. Ямар сайндаа төрийн соёрхолт, баримтат киноны нэрт зураглаач Уртнасан гуай зөвхөн мазаалайн зураг авахын тулд олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан түүхтэй. Уртнасан гуайн зураг авахаар хөөцөлдөж байсан 1966-1973 оны үед мазаалай 75-110 тоотой, өнөөг бодвол элбэг байсан үе шүү дээ. Харин өнөөдөр цөөн тоотой хэдий ч харагдаж үзэгдээд яваа нь ус, хоол, тэжээлийн хомсдол, тархац нутгийн хумигдал, дархлаа суларсны "үр дүн" билээ.

Дээр нэр дурдсан газрууд нь Говийн их дархан газрын цөм нутаг болдог учир онцгой анхаарлын бүсэд багтдаг билээ. Нэр бүхий газруудыг түшиглэн мазаалайн тэжээлийн савуудыг байрлуулж, ажиглалтын цэг байгуулан судалгаа явуулдаг онцлогтой.

Мазаалайд тусгай сав бэлтгэн тэжээл тавьж өгдөг
Говийн их дархан газрын үндсэн зорилгуудын нэг нь мазаалайг тэжээлээр хангах ажил юм. Мазаалайн үндсэн идэш тэжээл нь бажууна буюу говийн гишүүнэ, хармаг болон жижиг мэрэгчид байдаг. Хааяа аз нь таарвал бэртэж, гэмтсэн хулан, зээр, хавтгайтай учирч болно. Энэ нь тун ховор тохиох үзэгдэл тул найдах хэрэггүй билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд байнга үргэлжлэх болсон ган гачгийн үед хармаг, бажууна ургах нь нүдний гэм болсон тул идэш тэжээлийн хомсдолд хамгийн их өртдөг амьтан бол мазаалай. Идэш тэжээлийн хомсдолд орсон мазаалай хоол эрэн тэнэмхий болох нь энэ амьтныг үхэх аюулд хүргэдэг.

Тодруулбал өлбөрч үхэх, хатаж үхэх, бие биеэ барих, мөн олон чононд бариулах гэх мэт эрсдэлд өртөх болдог учраас энэ байдлаас сэргийлэн усных нь ойролцоо төмрөөр гагнаж хийсэн тэжээлийн сав байрлуулан ичээнд орохоос бусад үед хорголжин тэжээлээр цэнэглэж байх ёстой ажээ. Тэжээх хугацаа нь мазаалай ичээнээс гарах дөрөвдүгээр сарын аравдаас аравдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Нэг тэжээлийн саванд 42 шуудай буюу 2.3-2.5 тонн хорголжин тэжээл багтана. Хэрэв хорголжин тэжээл олдохгүйд хүрвэл хивгээр орлуулж болно. Зарим гантай жил 14 хоногт нэг удаа цэнэглэх шаардлага ч гардаг. Тэжээл тавьсны дараа өдөр мазаалайн хувьд бөөн баяр болдог. Тэд өглөө эртлэн бүлээрээ усандаа цуглана. Тэжээлийн савнаас эхлээд томчууд нь хооллоод дараа нь насны эрэмбээр дараалдаг хөөрхөн журамтай амьтад. Мазаалайн бамбаруушийг алманцаг гэнэ. Алманцаг хамгийн сүүлд хоолондоо ордог нь тун ч эгдүүтэй харагдана.

Мазаалайн дайсан
Мазаалайн үндсэн дайсан нь тэр өөрөө. Мазаалай зүйлийн хувьд бүрэн устах аюулд өртөөд байгаа болохоор ингэж үзэж болох юм. Түүний удмын сан сэргэхгүй байдалд орж, одоо байгаа залуу бодгалиуд цус ойртсон, дархлаа суларсан, үндсэндээ бие даан хоол, тэжээлээ олж идэх чадваргүй болчихоод байна.   Түүнээс гадна бие биеэ барих явдал нэлээд тохиолддог байна. Өөр нэг дайсан нь Алтайн өвөр говийн экосистемийн доройтол болно. Ус, идэш тэжээлийн хомсдолд хүргэх ган гачиг, ургамлын нөмрөгийн доройтол, биологийн төрөл зүйлийн бууралт зэрэг нь мазаалайн оршин амьдрах нөхцөлийг үлэмж хүндрүүлдэг. Тийм учраас Говийн их дархан газар тэжээл тавих замаар энэ асуудлыг зохицуулж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь явууртай арга хэмжээ биш. Мөхлийн зам нь шуударсан энэ амьтанд том үйл ажиллагаа тус болно буйзаа. 

Чоно гэдэг араатан Европ дахинд төдийгүй Латин Америкийн орнуудад хомсдоод гадаад орноос онгоц хөлөглөн урилга заллагатай морилон ирдэг боллоо. Яг л 1992 оны зургадугаар сарын хоёрны өдөр манайд унаган амьтан тахь маань буцаж ирдэг шиг. Тэгвэл чоно говийн нэн ховордсон амьтад тухайлбал, хавтгайн тоо, толгой “гарамгай” гавьяа байгуулсаар элбэгшсээр явна. Чоно мазаалайгаас айдаг хэрнээ шархадсан, тамир тэнхээ доройтсон үед нь олуулаа дайрдаг тактиктай амьтан. Дархан газрын Эхийн гол орчмын байгаль хамгаалагч Б.Зэсхүү гуай нэг сонин тохиолдол харснаа ярьж билээ. Цагаан богдын араар эргүүл, тооллого хийж явтал нэг мазаалай хойд хоёр хөл дээрээ босчихсон ямар нэг зүйл хайх мэт жалгын ирмэг дээгүүр явах юм гэнэ. Мань эр ажиглаад л байж. Тэгснээ газраас том гонзгой чулуу авч тэврээд хэд алхсанаа жалгын ёроол уруу чулуудаж орхив. Тэгтэл уг жалгаас нэг чоно ухасхийн гарч ирэх мөртөө мазаалайн гэдсийг хүү татаж орхиод хазганан зугтсан байна. Харин жалгын ёроолд унтаж хэвтээ чоныг чулуугаар намнах гэсэн мазаалай шархтайгаа хоцорч, муухай орилсоор уул өөд өгсөж гэнэ. Бодвол, чулуугаа алдаж унагаад зөвхөн хөлийг нь оносон хэрэг. Эцэст нь өөрөө хохироод үлдэх нь тэр. Энэ тухай ярьсан Зэсхүү гуай мазаалайг өрөвдөн "хөөрхий зайлуул, өөрөө л өгөрч яваа амьтан даа" гэж санаа алдаж билээ.

Харин мазаалай хулгайн анд өртөх нь ер үзэгдээгүй явдал. Түүнийг агнаж доньтийг нь, эсвэл арьс, саврыг нь авах гээд элчилгүй их говийн ангамал цөлөөр зориг гарган тэмүүлэх хулгайн анчин байхгүй биз дээ. Тэгээд ч тусгай хамгаалалттай нутгийн онцгой бүсэд амьдардаг хойно.

Баримтат киноны хамгийн эрэлттэй дүр мазаалай
Хамгийн анх дээр нэр дурдсан Уртнасан гуай мазаалай мөрөөр олон жил бэдэрч байж Хөх төмөртийн нурууны урд бэлээс мазаалайн зургийг их холоос татаж авсан кино хальс түүхэнд мөнхрөн үлджээ. Түүнээс хойш мазаалайн дүр кино дуранд ховорхон өртсөн. Энэ амьтны тухай ганц нүүр тахалдаг зураг нь Уртнасан гуайн бүтээл болсоор олон жил улирчээ. Нэгэнтээ төрийн шагналд нэр дэвшин "Цэдэнбалыг тойрон хүрээлэгч" нэр зүүн хойш шидэгдсэн Давааням гуай 1992-1993 онд мазаалай төдийгүй говийн ховордсон амьтдын талаар багагүй зураг хальсанд буулгасан удаатай. 1991-1993 онд Дэлхийд амьд байгалийн баримтат киногоор нэрд гарсан Их Британий "Survival Anglia" компанийн захиалгаар АНУ- н зураглаач Жоел Беннетт тэргүүтэй баг Говийн дархан газрын нутгаар хөндлөн гулд аялсан бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд Давааням гуай дайгдаж явсан, бас зураг авч амжсан азтай хүн.

Тэр үед Монгол орон маань зах зээлийн шуурганд ид нүдүүлж, кино зурганд явах нь бүү хэл лангуун дээрээ давснаас өөр бараагүй болсон үе тул Давааням гуайг азтай гэхээс өөр яах вэ. Хөгжингүй оронд үйлдвэрлэсэн дуу чимээ багатай, олон янзын дурантай аппаратаар иж бүрэн зэвсэглэсэн Америк зураглаач манай Давааням гуайн барьж яваа пижигнэсэн дуутай 1960-аад оны Орос аппаратыг илэрхий ад үзэн оросын танк хэмээн нэрийдэж, амьтан үргээчихлээ гэж зэмлэсээр явсан гэнэ. Тэднийг Баруун тооройн булаг дээр ажиглалт хийх үеэр бамбарууштай мазаалай улаан халз, үүдэн хоймрын зайтай тааралдсан байна. Давааням гуайн орос аппарат тачигнаж, Америк эрийн "Арабеска" маркийн аппарат хэт ойртуулдаг дурантай улмаас үсний ширхэг авахаас хэтрээгүй хөгтэй явдал бол ховорхон тохиох үзэгдэл. Хожим нь Америкчууд оросын танк гэж дооглодог байсан аппаратаар авсан зургийг үнэ цохин худалдаж авсан тухай сонсогдсон юм даг. Энэ зураг "Нэшнл жиогрэфик", "Дисковери" сувгуудаар үе үе цацагддаг юм билээ.

Ер нь мазаалайн зураг дэлхийн нэн ховордсон амьтдын дотроос хамгийн ховорт тооцогддог эрэлт ихтэй зураг болдог. Түүний зургийг   авахын тулд асар хол замыг туулж, уйгагүй тэвчээр гарган байж, олон бэрхшээлийг даван байж амжилтад хүрэх нигууртай тул ийн эрэлт ихтэй байдаг биз ээ.

Мазаалайг хүн хар гөрөөстэй андуурдаг говийнхон
Алтайн өвөр говийнхон, ялангуяа Захуй, зармангийн говийнхон хүн хар гөрөөсний тухай үлгэр домог олныг хүүрнэдэг. Говийн уулсаас үхсэн хүн гөрөөс олж цөсөөр нь хүн эмчилдэг байсан тухай бодит баримт байсныг бичгийн их хүн Б.Ренчин тэмдэглэсэн байдаг. Ят үүнтэй адилхан зүйлс говийн , ардуудын дунд өнөө хэр байсаар байна. Харин тэдний яриаг сайн анзаарвал мазаалайн тухай хольж хутган ярьдаг нь мэдэгддэг. Ахмад зохиолч Мөнгөний Чимэд гуайн нэгэн романд Ээж хайрхан уулаар нутагтай Бундаарий гэдэг эмгэний тухай гардаг. Тэр хүн бол 1974 он хүртэл амьдарч байсан бодит дүр. Энэ эмгэний тухай олон түүх байдгийн нэг нь мазаалайтай холбоотой. Бундаарий гуай гантай усаа өнөөх сэгсгэр ирээд долоочихно гэж сайн таглаж тавьдаг байсан гэнэ. Сэгсгэр гэж юу болох тухай асуувал сэгсийсэн шар үстэй заримдаа босож, заримдаа дөрвөн хөллөж явдаг   амьтан гэж ер тоосон шинжгүй ярьдаг байснаас үзэхэд сайхан болтол мазаалайн тархац нутаг Захуйн говьд хүрдэг байсан төдийгүй' хүнтэй ойрхон амьдардаг байсныг харуулдаг.

Говийн хүмүүс баавгайг зөвхөн хангайд, модон дунд амьдардаг гэсэн ойлголттой байдаг учраас мазаалайг хүн хар гөрөөс гэдэг ярианы баатар болгон ярих нь буруутгаж болохгүй үйлдэл. Биологийн шинжлэх ухаан сайн хөгжөөгүй үед 2-3 м өндөртэй лемур хэмээх сармагчинг харсан жуулчид нохой толгойт хүн хэмээх ойлголт гаргаж ирсэнтэй төстэй зүйл энэ бөлгөө.

Мазаалай нь тайван үедээ ялангуяа усанд орох үедээ хойд хоёр хөл дээрээ алхаж явдаг. Тэр алхааг нь зүйрлэвэл тарваган хүн энгэрийн халаасандаа гараа шургуулчихаад хоёр тийш хайвганан, хөлөө зөөж ядан алхахтай адил мэт. Харин сандарч тэвдсэн, элдэв үнэр, чимээ   авсан үедээ дөрвөн хөллөж өгсүүр газар бараадан паацаганан алга болно.

Мазаалайг аврахыи тулд юу хийх вэ
Хэдийгээр устаж алга болох нь тодорхой боловч олон улсын хэмжээнд төсөл хэрэгжүүлэн хөдөлбөл уг зүйлийн амьтныг аварч болдог гэдгийг Энэтхэгийн цагаан хирс нотолсон билээ. Энэтхэгийн цагаан хирс 1980-аад онд ердөө 20 гаруйхан тоотой үлдсэн байж. Тэр үед НҮБ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг ан амьтад хамгаалах холбоо хамтран олон улсын түвшинд эрэл хайгуул хийж , төсөл  хэрэгжүүлсний үр дүнд өдгөө уг амьтан 2000 тоо толгойд хүрээд байна. Өөрөө хэлбэл, бие даан популяци үүсгэх үндсэн тоондоо хүрлээ гэсэн үг. Энэ аргаар мазаалайг аврах хөдөлгөөний Дэлхий дахинд өрнүүлэхийг өнөөгийн нөхцөл шаардаж байна. Магадгүй хожимдсон байж болох ч оролдоод үзвэл яасан юм бэ? Монголчууд аа!

Жорж Шаллер нарын үзэж буйгаар Гималайн баавгайн салбар зүйл мөн ахул, тэр нь тэнүүчилж явсаар Монголын говийн нөхцөлд дасан зох ицож энд нутагшсан байвал өсгөн үржүүлэхэд хялбархан байж болох. Харин нөгөө дэлхийдөөр хаана ч байхгүй бие даасан зүйл гэж үздэг талынхан дийлвэл чухам яахыг Бурхан л мэдэх асуудал болох гээд байна.

Монгол оронд байх баавгайн өөр нэг зүйл хүрэн баавгайтай эрлийзжүүлвэл яасан юм гэсэн санал ч эрдэмтдийн дунд байдаг. Ямар нэгэн аргаар мазаалайг удмын сангийн хувьд цэврээр нь эс гэхэд хольцтойгоор авч үлдэх, хамгаалан үржүүлэх нь чухал байна бус уу?

Үүний тулд мазаалайн генетикийн болон эд, эсийн шинжилгээг яаралтай зохион байгуулж, үндсэн тархац нутагт нь тоо толгой, экологи, хөдлөл зүйн судалгааг шинэ аргачлалаар явуулах хэрэгтэй байна. Судалгаа, шинжилгээний үндсэн дээр цаашдын зорилтоо тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлээр гадны дэмжлэг, тусламжийг татах зэрэг олон талт арга хэмжээг харилцан уялдаатай зохион байгуулах нь зүйтэй санагдана.

Б.Наранцацралт

 

Сэтгэгдэлүүд:

1. Амарбилэг (зочин) | 2009-02-06 12:20:09
Мазаалайн тухай ихийг мэдэж авлаа. Зөв зүйлүүд бичсэн байна.
2. norovoo (зочин) | 2010-07-11 18:21:54
Сайн байна уу танд өнөөдрийн өдрийн мэндийг дэвшүүлье. Таныг байгаль хамгаалах үйлс хэрэгт МОНГОЛЫН ЭКО ЗОХИТОЙ ХӨГЖЛИЙН ХОЛБООтой хамтран ажиллахыг урьж байна.
http://eco_eco.blog.gogo.mn/
hoh.mongol@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.